Монголбанк нь 2010 оноос үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг гаргаж, банкнуудтай хамтран 2012 онд ₮ картыг амжилттай нэвтрүүлсэн билээ. Монголбанк Мастеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар үндэсний брэнд ₮ картыг нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид шилжүүлсэн. Ингэснээр, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) зэрэг олон үйлчилгээний суурь тавигдсан юм. Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээг пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоо хийж байна. Эдгээр алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр үндэсний брэнд ₮ картыг олон улсад нэртэй Apple Pay үйлчилгээнд холбон ухаалаг гар утсанд суурилсан төлбөр тооцоо хийх боломжийг 2024 онд бүрдүүлсэн юм.